SHUUDSHUUD & ART

Ёнтгор хүрэн .Үлгэр

Posted by Оогийноо on May 13, 2009

Урьд нэгэн цагт мэргэн саарал, бөөн саарал, хурдан саарал гэж гурван чоно амьдарч байжээ. Энэ гурав олон хоногоор уул хад, ус голыг гатлан идэш эрж яваад юу ч олж идэлгүй өлсөж ундаасан ядарчээ. Хурдан саарал, бөөн саарал хоёр,
– Чи мэргэн гэж алдаршсан боловч мэдэж байгаа чинь аль вэ гэж уцаарлахад мэргэн саарал,
– Одоо энэ өндөр уулын орой дээр гарвал идэх юм аяндаа харагдана байх гэж нөгөө хоёрыгоо тайтгаруулжээ.

Тэгээд уулын орой дээр гурвуулан гарч ийш, тийш хартал уулын бэлээр нэгэн сүрэг адуу билчиж идээшлэн байх нь харагдсан ба ойр хавьд айл амьтан алга байлаа. Энэ гурав уулнаас бууж гуу жалгаар далдлан адуунд дөхөж очжээ. Гурвуулан адуунуудын аль нь тарган болохыг шилж байгаад хурдан саарал хамгийн тарган хээр зүсний сувай гүүг барьж идэхээр шийдэж нөгөө хоёртоо хэлтэл, мэргэн саарал нь татгалзаж,
– Хулгар чихтэй хамгийн эцэнхий ёндгор хүрэн морийг гурвуулан хамжиж идмээр байна. Учир нь энэ морь бол хамгийн хурдан бөгөөд таван жил сувайрсан залуу гүүнээс гарсан хулангийн унага байна. Хэрэв үүнийг эхлээд идэхгүй бол бид гурав амьгүй болж магадгүй, харин энэ морийг идэхдээ хамтарч дайрахгүй бол хэн нэгэнд маань дийлэхгүй, үүнийг л идсэн байхад дараа нь алий нь ч идсэн хамаагүй гэхэд, хурдан саарал, бөөн саарал хоёр дургүйцэж,
– Өдий хол газар идэш ирж ирээд яс арьс болсон энэ муу морийг идээд яах юм бэ? Энэ муу хэдрэг бидэнд хор хүргэж яасан ч чадахгүй гээд мэргэн саарлын хэлснийг огт авалгүй тас зөрж, адуу уруу ухасхийн дайрч нэгэн тарган гүүг унагаан барьж идэхэд мэргэн саарал оролцолгүй холоос харж байтал адуу нь үргэн давхилдаж уулын хөндий уруу буухад эзэн нь урдаас нь тосон ирж адуугаа нэг эргэн бүртгээд гүү алга байхыг мэдэв бололтой гэнэ.

Тэгээд адууны эзнийг холоос ажиглан харж байтал унаж явсан морио сольж нөгөө ёндгор хүрэн морийг адуунаасаа барьж авахын хамт бөөн саарал, хурдан саарал хоёрт очиж одоо бушуу зугатаахгүй бол болохоо больсон. Миний хэлсэн үгэнд орсон бол юунд ийм аюулд орох билээ. Адууны эзэн ёндгор хүрэн морио барьж уургаа шорлоод бид гурвыг хөөж алахаар мордлоо. Юуны урьд уул өөд зугтаах хэрэгтэй гэв. Тэгээд уулын орой өөд зугатаахад гүүний мах цадтал идсэн хурдан саарал, беен саарал хоёр эцэж явж чадахгүй байлаа. Мэргэн саарал урд нь орж хурдаар давхиж байв. Адууны эзэн бараа алдахгүй хөөсөөр яваа нь харагдав. Хүрэн морь явах тутамд ойртож байлаа. Уулыг давж хөндий уруу оров.
– Хурдан саарал минь одоо л хурднаа гарга! гэж хэлээд саарал, бөөн сүүлнээс нь хазан чиргүүлдэж явлаа. Удалгүй бөөн саарлыг шорон уургаар хатган алж буй нь үзэгдэв. Хурдан саарал эцэж ядарсаар байлаа. Адууны эзэн улам ойртон ирэв. Мэргэн саарал, хурдан саарлыг орхиж урагш улам хурдлан давхихдаа:
– Үгэнд оролгүй зөрөөд байвал үхэл ингэж ирдэг юм гэж тавалжээ. Удалгуй хурдан саарлыг хатган алж мэргэн саарлын хойноос давхиулан явна гэнэ. Мэргэн саарал нүхэнд орохоор шийдэж чинээгээрээ хурдлан явж байтал хэсэг хад дайралдан түүний доогуур хонгил байхаар түүнд давхин ортол, өмнөөс нь нэг чоно зөрж гараад давхихад адууны эзэн түүний хойноос хөөж, мэргэн саарлыг орхижээ. Үүнээс идсэн нь хонгилд идээгүй нь хоморгонд гэсэн үг гарсан ба ёндгор хүрнийг байгаа цагт энэ нутгаас өнчин ишиг идэж болохгүй гэсэн зарыг мэргэн саарал бүх чононд тараажээ.

Зохиомжийг  Э.Батзаяа

3 Responses to “Ёнтгор хүрэн .Үлгэр”

  1. Martin said

    ene zurag n yasan goy iin

  2. Munkhzorig said

    goe ulger baina. ulger bolgon oor ooriin gesen ontslogotoigoor uhaaralal ogch negiig boduulah yumdaa. zurag yanztai

  3. ilmaren said

    Iim l ulger heregtei bgamdaa he he. Yur ni deer uyiin ulgeruud Chingis haanii baildaanii taktik entr bol manai programchlaliin onol entrtei aimar uyldaa holbootoi bdagiishd he he yanztai shv

Leave a comment