SHUUDSHUUD & ART

Бяцхан байшингийн түүх

Posted by Оогийноо on November 10, 2009

Энэ манай үеэс өмнө эрт нэгэн цагт гэнэ. Жижигхэн толгод дээр элдэв ур маяггүй ч, эгэл даруухан баригдсан бат бэх суурьтай нэгэн байшин байжээ.

Бяцхан байшинд аз жаргалтай амьдран суудаг гэрийн эзэн “Барьж босгосон энэ байшингаа мөнгө өгч, алт амласан ч хэнд ч худалдахгүй. Бяцхан байшинд маань гучийн минь гуч урт удаан аз жаргалтай амьдраасай ” хэмээн боддог байв.

Хөндийд орших тосгонг дээрээс нь тольдох бяцхан байшин өглөөний мандах нарыг бусдаас түрүүн угтаж, үдшийн саран авхайг бүхнээс түрүүн харан ээлжлэн солигдох өдөр хоногийг аз жаргалтай өнгөрөөдөг байлаа.

Өдөр хоног урсан өнгөрсөөр … Хавирган сар, арван тавны сараар ээлжлэн солигдсоор нэг мэдэхэд жижигхэн тосгоны шөнийг хүний гараар бүтсэн цахилгаан гэрлүүд, одод тэнгэртэй булаацалдан гэрэлтүүлэх болжээ. Жилийн дөрвөн улирал ээлжлэн солигдох бүрт жижигхэн тосгон хөл хөдөлгөөнд дарагдаж, амьдрал буцлах болов.

Хаврын урь орж газар дэлхий гэсэн, нар халуун дулаанаар инээмсэглэхэд, толгодын баруун ар дахь тариан талбайд үр тариа соёолж, хормой эмжин урсах бяцхан горхины хөвөөнөө хүүхэд багачууд өдөржин цэнгэн наадахыг бяцхан байшин харж, асуй ирж буй улирлын хөгийг даган баясана.

Зуны дэлгэр цагт өдрийн нар уртсахад, толгодын хормой цагаан цэцгээр хээлэн гоёж, шоржигнон урсах горхинд хөгжилтэй жаалууд шумбан сэлэхийг бяцхан байшин харж баясана.

Өдөр бага багаар богиносож, нарны илч улам улмаар цаашилан газар дэлхий өнгөө өөрчлөж, навчис улаан, шар, хүрнээр зүсээ хувиргасан намрын улирал ирлээ. Амьд бүхний хөдөлгөөн удааширч, боловсорч гүйцсэн улаан алимаа мөчир нь даахгүй багсайх цагаар хүүхдүүд сургуулийн зүг явлаа. Амьтай бүхэн тэнхэрч налайсан намрын улирлыг бяцхан байшин харж баясана.

Одод бяцхан үрстэй саран авхай өдрийн уртыг шөнөөр гүйцэж,  газар дэлхий цагаан өнгийн хүрмээр ижилсэн гоёсон өвлийн улирал ирлээ. Алимны модод гүн нойрондоо амар тайван нойрсож, цана чаргаар хүүхэд багачууд хөгжилдөн тоглохыг бяцхан байшин харж баясана.

Нэгэн өдөр этгээд сонин төмөр хөлөг жижигхэн тосгоны замаар сүр дуутай орж ирэхэд бяцхан байшин гайхан харжээ … Тэр өдрөөс хойш төд удалгүй этгээд сонин төмөр тэрэгний тоо олширч хөнгөн хөлт морин тэрэг үзэгдэх нь ховорджээ. Тэр өдрөөс хойш төд удалгүй газар хэмжигчид бяцхан байшингийн өмнөх талбайг төө алдахгүй хэмжиж гэнэ. Төд удалгүй уурын хөдөлгүүрт машин ирж, бяцхан байшингийн өмнөх цэцэгт талыг хуу хаман газрын хөрсийг эргүүлж гэнэ …. Ар араасаа хүнд даацын машин цуварсаар … Том чулуу ачсан машин, хайрга ачсан тэрэг, эцэс сүүлд нь зам индүүдэгч машин бяцхан байшингийн эргэн тойронд гялгар толь шиг зам тавьжээ.

Төд удалгүй бяцхан байшингийн тосгон хот болон өргөжиж хүнд даацын машин тэрэг нааш цааш холхилдох болжээ. Бензин түгээгүүр …. Байр сууц, амралтын газар … Шинэ хот өргөжин тэлсээр тун ч завгүй өдөр хоног өнгөрсөөр. Ганцхан бяцхан байшин л өөрчлөгдсөнгүй, тэр болгоныг ажигласаар л.

Гялгар хар замын тоо нэмэгдэж, жижигхэн тосгоноос юу ч үлдсэнгүй өөрчлөгдөв. Харин бяцхан байшингийн эргэн тойронд дэлгүүр, сургууль, орон сууцны барилга ээлж дарааллан боссоор …  Тосгоны хамгийн өндөрт байж, хамгийн эхэнд нарыг угтагч бяцхан байшин өдрийн нарыг харахгүй больжээ. Их хотын дунд гуниглан ганцаардсан бяцхан байшин мөнгө өгөөд ч, алт амлаад хэн ч тоож харахааргүй шоовдорлогдон орхигджээ.

Хуучин тосгоны амар тайван шөнө үл унтрах цахилгаан гэрэл, машины нүргээнт хөгөөр солигджээ. Нэгэн өдөр бяцхан байшин “Хотод амьдрана гэдэг ийм юм байдаг байжээ” гээд санаа алдав гэнэ. Гэсэн хэдий ч бяцхан байшин хотын амьдралыг сайн ч, муу ч гэж хэлж чадахгүй байлаа. Харин хуучин тосгоныхоо амар тайван амьдралыг үгүйлэн, тэнгэрт түгэх одод, саран авхайн ихэмсэг инээмсэглэл, нарны илчит улаан цацрагыг санан гансарах болов.

Төд удалгүй бяцхан байшингийн өмнөх замаар трамбай явж эхлэн, тун удалгүй бетон суурьтай агаарын замаар галт тэрэг хурдалж, бас удалгүй газар доогуур метро сүнгэнэх болжээ.

Хөлийн хурд, хөнгөн тэргэний дугуйны эрчээр яарах хүмүүс бяцхан байшинг анзаарах нь үгүй.

Төд удалгүй бяцхан байшинг тойрсон 3 давхар, 4 давхар байшингууд тэнгэр харанхуйлсан 25 давхар, 35 давхар байшингуудаар солигдож бяцхан байшинд нарны илч тусахаа больж, шөнийн тэнгэрт гялалзах одод хотын неон гэрэлд дарагдан харагдахаа больжээ.

Энэ бүхний эцэст алимны тансаг үнэртэй модод, шөнийн тэнгэрт бужигнах гэрэлт одод, саран авхай, нарны илчийг зүүдэлсээр хотын амьдралаас уйдан залхаж эхлэв.

Ганцаардал, гунигт автсан бяцхан байшингийн харах нүд болсон хоёр цонх үйрэн хагарч, хаалга үүд нь савчин ганхажээ.

Хаврын нэгэн нарлаг өдөр бяцхан байшинг барьсан эзний зээ охин нь замын дэргэдүүр явж байгаад бяцхан байшинг харан зогь тусан зогсжээ. Хогийн ургамалд идэгдэж уйтгарт автсан бяцхан байшинг таньсан бүсгүй нөхөртөө “Энэ бяцхан байшин миний эмээ хүүхэд байхдаа амьдарч байсан байшинтай их адилхан юм. Энэ бяцхан байшинг алимны модоор хүрээлсэн цэцэгт толгодод аваачиж тавьбал тун сайн байхсан” гэж хэлжээ.

Ингээд залуу хос бяцхан байшинг нүүлгэхээр шийджээ. Байшинг нүүлгэхээр ирсэн ажилчид бяцхан байшинг хараад “Үүнийг хаашаа ч нүүлгэж буулгахад эвдэрч хэмрэхгүй үнэхээр бат бөх баригдсан ховорхон байшин байна” гэж уулга алдацгаав.

Гэнэтийн явдалд балмагдсан бяцхан байшин болж буй үйл явдалд аажим аажмаар дасаж замаар өнгөрөх орчин тойрныг ажиглан харжээ. Урт удаан хугацаанд мартагдах дөхсөн тариан талбай, танил дасал болсон дуу чимээ сонсогдож эхлэв. Бяцхан байшинг энд ч тэнд ч буулгана гэж маргалдсаны эцэст алимны модоор хүрээлсэн цэцэгт бяцхан толгодыг олжээ. Бүсгүй “Энэ л бяцхан байшинд тохирох хамгийн сайхан газар юм” хэмээн дуу алдахад бяцхан байшинд ч гэсэн тэрхүү газар таалагдаж байв.

Бууриа сэлгэн шинэчилсэн бяцхан байшингийн дээвэр, цонх, хаалгыг нь янзалж урдын адил гэрэлтэх болов. Өнгө тансаг үзэсгэлэнт толгодод бууриа сэлгэсэн бяцхан байшин өглөөний мандах нарыг бусдаас түрүүн угтаж, үдшийн саран авхайг бүхнээс түрүүн харан ээлжлэн солигдох өдөр хоногийг аз жаргалтай өнгөрөөх болжээ.

Хавар, зун, намар, өвөл … дөрвөн цагийн улирал ээлжлэн хөвөрсөөр бяцхан байшинд хүүхдийн инээд, хүмүүсийн амар амгалан аз жаргалтай амьдрал үргэлжлэх болжээ.

Бяцхан байшингийн амар амгалан амьдралыг их хотын нүргээн ахин эвдсэн болов уу …

Бяцхан байшин их хотын нүргээнд ахин амьдрахыг хүсэх болов уу …

Тэнгэрийн од, саран авхай бяцхан байшингийн цонхоор шагайж …  дөрвөн улирал ээлжлэн солигдсоор …

Жижигхэн тосгонд шинэ амьдрал чимээгүйхэн, алгуурхан ахин айсуй ….


“작은 집 이야기” 버지니아 리 버튼

“Бяцхан байшингийн түүх”  Виржиниа Ли Буртон

Зургийг бэлтгэсэн: Шуудшууд

Солонгос хэлнээс Монгол хэлнээ хөрвүүлсэн: Хөдөөний охин

2009 оны 11-р сарын 13


22 Responses to “Бяцхан байшингийн түүх”

  1. Ariunbileg *^^* said

    Hi.Goe buh yum ni goe bolson bn ulgerch zuragch gesen..

  2. badag said

    yaanaa heleh ug oldohgui ymaa ene zuragnuud unheer ih taalagdlaa
    yostoi saihan ulger bna
    zayaa nz mini neg nom gargaacheeeee

    tsaashid oshoo iluug hiigeerei iluu goyiig gargaj humuusiig gaihshruulaarai
    goy bolson bna bayarlalaa

  3. badag said

    hodolmorch avyaaslag zaluu shuu

  4. kofuku said

    yaanaa joohon huuhed shig ch um shig huurhiin goe boljee …4n shirheg erhii hyryy shuu😀 haha…LOL

  5. Tavka said

    Заяа чи үнэхээр гайхалтай юм. Бүтээлч бас уран юмаа.Гаргасан бүтээл болгон чинь таалагддаг шүү.

  6. sonirhogch said

    goy yumaa . Ta uneheer hudulmurch hun yumaa. Ta 2t az jargal sn shaniig husey

  7. saaaiiihan said

    Saihan hodoo ywah ymsaaann…

  8. biiktor said

    гайхалтай… бүр сайхан болчихлоо…

  9. gereltyortonts said

    Pooh uram hairalsan bvgded bayarlalaa.

  10. Tungaa said

    Яасан хөөрхөн юм бэ, монгол дээр хэвлүүлээд гаргаач, хүүхдэд байтугай томчуулд их юм ойлгуулахнээ, энэ газраа зарж хэдэн төгрөгний төлөө үхэж байгаа хүмүүст.Супер!

  11. byambaa said

    zurag ni ch mash goe ym orchuulaga ch ih tansag ur saitai ih uyangalag bolson bn ih nom unshdag hyn orchuulj dee

  12. jaki said

    Hodoonii okhin ni khokhgui khavtgai tseejein bna!

  13. gereltyortonts said

    Byambaa d : mash ih bayarlalaa.Nomiin delgvvrt shine goyo vlgeriin nom yamar mon irjvv gej bid bainga harj yavdag yum. goyo hoorhon vlger baival orchuulj hvvhed zaluuchuudad delhiin vlgeriin gahamshigt bvteelvvdees hvrgeh byatshaan hvseltei baidag yumaa. tsaashdaa bid 2 olon saihan nom orchuulan unshuulhiig hicheenee. uramtai vgeer myalaasand mash ih bayarlalaa.

    Jaki d: setgegdel vldeesend bayarlalaa. dotood yortonts ,mon chanartaa tsag gargaarai and mini .chamd az jargal hvsei.

  14. cacharel said

    истоо хөөрхөн =D> =D> =D>

  15. cacharel said

    бишээ энэ шүү :-bd :-bd :-bd 😀

  16. eliya said

    өө чи эрэгтэй хүн байсан юмуу, яагаад би эмэгтэй л гэж бодоод байсийн бол доо

  17. Zoljargal said

    yostoi hoorhon bolj. setgel hodolj baina

  18. sehuunsalhi said

    bur bisherchihlee yamar goe setgel hudlum yum be minii ohind zoruilaad nom bolgoj gargaarai amjilt husei

  19. bayrtulga said

    yu bn goy tvvh bnaaa ghdee hvnd daatsiin tereg gh mt vgs arai tohiroogvi sanagdhiin tsaanaa l 1 gegeeleg goy tvvh bn

  20. Gaihaltai ajil!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: