SHUUDSHUUD & ART

Xүүхдийнхээ зургийг өөрсдөө, зөв, гоё авцгаая!

Posted by Оогийноо on November 4, 2009

Дмитрий Катков

Гэр бүлийн альбомны хамгийн гол зайг бидний хүүхдүүдийн зурагнууд эзэлдэг. Хүүхдүүдийн маань өсөлт хөгжилтийн үеийг харуулсан сэтгэл баясгах зургууд… Харамсалтай нь, бидний авсан зургууд тэр болгон яг хүссэнээр гоё болж чаддаггүй. Хүүхдийнхээ зургийг хэрхэн гоё, зөв авч альбомны чимэг болгон орсон гарсан хүнд сэтгэл бардам үзүүлэх бяцхан урлагийн бүтээлүүдийг бий болгох талаар ээжүүдэд зөвөлгөө хүргэе гэсэн юм. Яагаад ээжүүдэд вэ гэхээр, хүүхдийнхээ дэргэд байнга байж, тэдний зургийг хамгийн их авдаг хүмүүс ээжүүд байдаг болохоор тэр. Энгийн хэдэн аргачлалыг мэдэж байхад ямар ч энгийн аппаратаар маш гоё зургийг авч болдог юм.

Оршил

Юуны өмнө би өөрийгөө танилцуулъя: Би хоёр хүүхдийн засаршгүй эцэг, юу гэхээр, хэдийгээр миний дүрсгүй хүүхдүүд уурыг минь барж, цусыг минь байнга сорж байдаг боловч, би эдэндээ ухаангүй хайртай болохоор байнга зургийг нь авдаг юм. Үүнээс гадна, миний зурагнууд болон нийтлэлүүдийг мэргэжлийн сэтгүүлүүд авч тавиад байдгийг бодоход би фотозургийн тухай жаал жуул юм мэддэг, ойлгодог юм шиг байгаан. Ингээд, хүндэт ээжүүд минь, наашаа тавтайхан суугаад тухтайхан унш, “аппаратны нүхээр” хүүхдүүдтэй хэрхэн зөв харилцах талаар өөрийн хуримтлуулсан туршлагаасаа би та нартайгаа хуваалцмаар байна.

© Олег ЕЛЕСИН

Бид ямар зорилгоор хүүхдүүдийнхээ зургийг авдаг вэ?

Эхлээд ярианыхаа сэдвийг тодорхойлъё. Хүүхдийг янз бүрээр зургийг нь авч болно, та ямар үр дүн хүсч байгаагаас энэ хамаарна. Жишээ нь, зарим хүмүүс урлагын бүтээл хийх зорилгоор, ямар нэгэн фото санааг илэрхийлсэн байдлаар  хүүхдийнхээ зургийг авдаг.

ПРО НЕБО Фото: © Марина РОГОЖИНА

Энэ санаа нь хэн бүхэнд ойлгогдохоор санаа байх бол  овч, бодох юм бол, ихэнхдээ таны хүүхдийн амьдралд хэзээ ч болж байгаагүй, болох ч үгүй юмны тухай өгүүлсэн байдаг.

Жишээ нь, энэ охины зургийг харъя л даа: Охин гунигтайхан гэгч нь оройн бүрэнхийд орж байгаа бороог цонхоор харж сууна. Амьдрал дээр бол энэ охин хэзээ ч ингэж сууж байгаагүй, харин ч ийм хүйтэн бороотой өдөр дүрсгүйтэж ээжийнхээ будаг шунхыг “судлах”, эсвэл дүүгээ шоглож суудаг байж магадгүй юм.

Иймэрхүү, жүжигчилсэн зурагнуудаар гэр бүлийнхээ альбомыг дүүргэвэл юу болох вэ? Өөрсдөө бодоод үз дээ: би 10 настай охиноосоо “урьд өнгөрсөн амьдралынхаа ямар ямар үеүүдийг санаж байна вэ?” гэж асуутал, түүний санаж байгаа юмнууд нь дандаа гэр бүлийн альбомонд байгаа зурагнуудтай холбоотой үйл явдлууд болж таарлаа. Тэгэхээр, хүүхдийнхээ зургийг авангаа та зөвхөн түүний хүүхэд насны үеийг хадгалаад зогсохгүй, мөн түүний хүүхэд насных нь тухай дурсамжийг бас хэлбэржүүлж байгаа гэж ойлгох хэрэгтэй.

СОБАЧКА Фото: © Дмитрий КАТКОВ

Бодит орчин, жинхэнэ болсон үйл явдлын зураг энэ охины хүүхэд насны үнэлж баршгүй дурсамж болохоос гадна өнгөрсөн амьдралынхаа тухай бодол дурсамжаа хэлбэржүүлэхэд туслах болно.

Цэцэрлэг сургуулиудаар явж ажилладаг зурагчдын авдаг зурагнуудын тухай хэдэн үг хэлэхээс өөр арга алга. Айл болгонд ядаж л 2-3 ийм, “хиймэл” зураг архивлагдсан байдаг даа. Бод доо: таван настай үеийнхээ, утас барьчихсан шал худлаа хиймэл инээмсэглэл нүүрэндээ наачихсан байгаа зургаа хараад хүнд ямар дурсамж төрөх юм бэ? Эсвэл, тэр үедээ сонсоо ч үгүй байсан, Д’ Артаньяны шадар цэргийн костюм өмсчихсөн зураг? Иймэрхүү хиймэл зураг нээх сайхан сэтгэгдэл төрүүлэх нь ховор. Харин, харахад гоё биш хуучны энгийн зурагнууд хавьгүй их сонирхол татаж, бидний хүүхэд насны тухай өгүүлэх нь бий.

Зүүн талын хоёр зураг – “цэцэрлэгийн зурагчны” авсан зураг. Энэ “хиймэл” зурагнууд юу ч илэрхийлэхгүй байна, хүүхдүүдийн царай “тайзны чимэглэл”-тэйгээ адилхан хиймэл, хуурамч харагдаж байгаа биз? Баруун талынх нь зураг хүүхдүүдийн ээжийнх нь авсан зураг. Мөн л, хиймэл харагдаж байна. Ээж нь амьхандаа, нэг нэгэндээ хайртай эгч дүү хоёр гэж харагдуулах гэж эгчээр нь дүүг нь тэврүүлсэн боловч, хүчээр ийн сууж байгаа хүүхдүүд үнэмшилтэй царай гаргаж чадаагүй нь ойлгомжтой.

Фото: © Дмитрий КАТКОВ

Өнөөх л эгч дүү хоёрын зураг. Гэхдээ энэ удаад тэр хоёр жүжиглээгүй байгаа тул тухайн моментын эмоци бүрэн дүүрэн гарсан байна. Зурагчин холоос, тэр хоёрт мэдэгдэлгүй дарахад л хангалттай байжээ.

Эндээс бид хоёр практик дүгнэлт хийж болж байна. Нэгдүгээрт, хүүхдийнхээ зургийг авахдаа элдэв юм зохиох биш, харин түүний өдөр тутмын амьдралдаа хийдэг зүйлийг нь, өнөөдөр тэр юу сонирхон хийж байгааг нь бодитоор харуулахыг чухалчлах хэрэгтэй. Хоёрдугаарт, хүүхдийн эмоцийг бүрэн гаргахын тулд нарийн хандах хэрэгтэй. Техник талаас нь гэхээсээ илүү эмоцийг хадгалахыг хичээх. Ээж та л хүүхдийнхээ занг хэнээс ч илүү мэднэ шүү дээ. Ямар ч, өдөрт өчнөөн хүүхдийн зургийг авдаг зурагчин ч, таны хүүхдийн дотоод ертөнцийг нээж чадахгүй. Үүнийг та л чадна. Тийм болохоор хүүхдийнхээ зургийг авах асуудлыг зөвхөн та өөрөө л чадах, маш хариуцлагатай, хүндтэй ажил гэж ойлгон хандаарай гэж зөвлөх байна.

Давтлага:

  • Хүүхдийнхээ зургийг авангаа та түүнд хүүхэд насных нь дурсамжийг хэлбэр-жүүлж авахад нь тусалж байгаа гэсэн үг.
  • Хэт жүжигчилсэн зураг гэр бүлийн альбомны чимэг болж чадахгүй.
  • Ямар ч мэргэжилтний авч чадахгүй зургийг та л авч чадна.

Хэрэглэгдэх техник

Фото зураг сонирхож эхэлж байгаа хүмүүс “хэрэв би сайн аппараттай байсан бол гоё зурагнууд гарах байхгүй юу” гэж ярьдаг. Фотозургийг зурагчин авдаг болохоос аппарат авдаггүй, аппаратны боломж энд гол нь биш гэдгийг мартчихдаг. Танд учиргүй таалагдаад байдаг багын чинь зургийг таны эцэг эх лав л одоо таны барьж байгаа аппаратаас хавьгүй муу үзүүлэлттэй аппаратаар, одоо дурын мухлагт байдгаас хамаагүй муу хальсан дээр дарсан гэдгийг би батлан хэлэх байна. Дижитал аппараттай бол бүр ойртохгүй техникээр авсан байгаа шүү дээ. Ер нь дижитал уу, хальсны юу – ямар аппаратаар авсан нь дээр вэ гэдэг асуудлыг энд би яримааргүй байна.

МУЖИЧОК Фото: © Сергей ЮРЬЕВ

Энэ гоё зургийг хар даа. Бараг 20 жилийн өмнө  “Индустр-61” дурантай ФЭД-3 аппаратаар хар цагаан хальсанд авсан зураг. Энэ зургийг харж байгаа хүнд төрөх сэтгэгдэл техникийн чанараар нэг их тодорхойлогдохгүй байгаа биз?

Хүүхдийнхээ зургийг авахад тань таныг хязгаарлах техникийн асуудал огтхон ч байхгүй гэдэгт та итгэ. Танд ямар аппарат байна, тэрүүгээрээ л авахад болно. Дижитал уу, “савангийн хайрцаг” уу, чухал биш. Мэдээж, “савангийн хайрцгаар” та жишээ нь цэцгийг ойроос томоор гаргах юм уу, хол байгаа юмыг гоё гаргаж чадахгүй л дээ, харин хүүхдийнхээ зургийг хөрөг байдлаар ч, тоглож байгаагаар нь ч авахад ер гологдохгүй. Тийм болохоор, байгаа аппаратаа муулж голох биш, харин түүнийхээ боломж чадварыг нь судласан нь дээр гэж хэлэх байна. Хамгийн гол нь байгаа юмаа зөв ашиглаад сурчихвал болох нь тэр.

Хальсны аппаратыг ашиглах гэж байгаа бол өнгөт хальсыг сонговол дээр, хүүхэд насны дурсамжийн өнгийг хасаад хэрэггүй. Хар цагаан хальсыг, хар цагаан зураг юмыг  өнгөт зурагнаас илүү илэрхийлдэг гэж үздэг мэргэжилтнүүдэд үлдээе…Мэргэжлийн түвшний сүртэй үзүүлэлттэй хальсны араас гүйгээд хэрэггүй, дурын лангуун дээр байгаа ямар ч хальс байхад болно. Ямар ч ээжид олдох KODAK Gold, FUJICOLOR Superia хальнууд дээр тогтон ярьмаар байна.

КРЕЩЕНИЕ Фото: © Юрий и Ольга ЛЯНГАСОВЫ

Хальсан аппараттай бол өнгөт хальсыг сонгохыг зөвлөж байна. Өнгөт зурагнууд хүүхдийн амьдралын мөчүүдийг илүү сайн илэрхийлж хадгалдаг.

Фотохальс сонгох явцад хальсны мэдрэмж гэдэг асуудал яахын аргагүй босч ирнэ. Та хүүхдээ ямар аппаратаар, гэрлийн ямар нөхцөлд дарах гэж төлөвлөж байгаа вэ гэдгээсээ шалтгаалж сонголтоо хийх хэрэгтэй.

Фото: © Дмитрий КАТКОВ

Зүүн талын зургийг тасалгааны нөхцөлд 100 нэгжийн мэдрэмжтэй хальсаар авсан учраас зурагчны гарны чичрэлт “баригдсанаар” фокусгүй зураг буусан байна. Харин баруун зураг нь, дээрх нөхцөлд 400 нэгжийн мэдрэмжтэй хальсаар зураг дарахад чанартай сайн зураг буужээ.

Хэрэв та дижитал аппарат хэрэглэх гэж байгаа бол, эхлэн суралцагчид аппаратаа автомат дээр нь тавьсан байхад л болно. Аппарат мэдрэмжээ нөхцөл байдалд өөрөө тохируулаад байж чаддаг.

Давтлага:

  • Зургийг аппарат биш, та өөрөө авдаг.
  • Хүүхдийнхээ зургийг ямар ч аппаратаар авч болно.
  • Хальсны аппаратанд дунд зэргийн мэдрэмжтэй хальс сонгоход болно.
  • Дижитал аппараттай бол “AUTO” мэдрэмжийг сонгоход тохирно.

5 Responses to “Xүүхдийнхээ зургийг өөрсдөө, зөв, гоё авцгаая!”

  1. Blgunee said

    Bvh huudsuudiig ergvvlj, niitlesen bvgdiig unshlaa. Mash olon yum boduulsan, ih gvnzgii setgegdel vldeesend tanid bayarlah ni zuin hereg baih. Ushuu olon zuragnuudaar minii bolood bidnii nvdiig hujirlaarai =D tanid uran bvteeliin amjilt hvsiye.

    ps: i am a huge fan of your works.

    ene yawaad baigaa tuguldur huuriin ayz-n neriig ni chadwal bichij uguuch? saihan ayalguu baina lee.

  2. kofuku said

    bi ch bas eej bolhooroo huuhdiinhee “hudulguun” buriig avah umsan gej boddogiin…
    “zagatnasan gazar maajilaa” bayarlaa..

  3. Oogii said

    Ene yavaad baigaa Igor Krutoi ayaz baih shig bna. Ene link eer orvol zondoo goyo ayaz bgaa.

    Tegeed goyo zovolgoo ogsond bayarlalaa. Amjilt!

  4. x-woman said

    oo bayarlalaa heden zurag daruud uzuulne ee hehehe

  5. Yka said

    mash tom syrgamj medlegiig min nemlee.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: