SHUUDSHUUD & ART

“Эхийн тухай үлгэр”

Миний ажилладаг долоон давхар саарал байшингийн ойролцоо нэгэн эмэгтэй байнга л тамхи ширхэглэн зарж суудаг юм. Ширэлдэж арзайсан ширүүн хар үсээ  гутлын ширхэг үдээсээр боосон тэр эмэгтэйн хувьд амьдрал тийм ч нигүүлсэнгүй байгаагүй гэдэг нь илт.

Нэгэн цагт гоо охин байсан ягаахан хацар нь дөрвөн улирлын тогтворгүй аалинд хууртагдан хуурайшаад, хэн нэгний өмнө ичингүйрэн нуугдасхийж байсан охин хонгор нүднийх нь гал цог цагийн салхинд онгож унтраад догшин, хэнэггүй, хүйтэн зэвэргэнээр орчноо зэрвэсхийн хараад, мойногтон эвдэрч хумсанд нь хир шигсэн ясархуу хар хуруунуудаараа хайрцаг тамхийг сурамгайхан задлаад өөрийнх нь хуруунаас ч бохир байж мэдэх хэдэн бор цаасны төлөө цаг наргүй ажилладаг байлаа. Бүсгүй хүнийх нь хувьд хүндэтгэн өрөвдье гэвч сэтгэл өчүүхэн ч уярахааргүйгээр амьдрал түүнийг нурааж сүйтгэсэн ажээ.

Өвлийн жихүүн жаварт хуруугаа хөлдөөх дөхөн суугаа тэр эмэгтэйн царай зүсийг тамхи татдаг цөөн хэдэн хүн ч анзаарч хардаггүй биз. Тийм л нэгэн хахир өвлийн өглөө хэвшил ёсоор тамхи ширхэглэгч эмэгтэйн дэргэд хөлсний унаанаас буугаад ажлынхаа дулаан байр руу яаран алхаж байхдаа би нэгэн чимээ сонссон юм. Хэн нэгэн бяцхан хүүхдийн эхээ загнан уурсан хашгирах тэр дуунаар эргэн харвал тамхи ширхэглэгч авгайн дэргэд 10 гаруй насны боломжийн хувцастай жаалхүү зогсоод хамаг барааг нь талаар нэг тараан хаяад хөлөөрөө няцлан гишгэлж байгаа харагдав. Хүүг харвал энгийн хэрнээ чамин тоноглолтой богино хүрэм өмсч, элдэв дээс үдээсээр гоёсон дэгжин үүргэвч үүрч, нэлээд зузаан ултай “nike” фирмийн цагаан пүүз өшиглөжээ.

-Та ичихгүй байна уу? Дандаа гудамжинд шившиг болоод сууж байх юм. Би ичиж байна, мэдэв үү. Би таниас ичиж байна. Ийм балиар царайтай юм байж намайг хүүхдүүдтэй явж байхад битгий “Ээж нь, ээж нь” гэж гайхуулаад байгаач гэж тэр жаал бачимдан хашгирч газраар нэг цацагдсан тамхинуудыг гишгэлэн дэвхцэв. Тэр үнэхээр ямар нэг зүйлээс ихэд ичсэн бололтой минчийтлээ улайсан байх бөгөөд орчин тойрноо ч анзаарах сөхөөгүй бачимдан харуусч байгаа бололтой. Харин тамхи ширхэглэгч авгай будаа тонших саарал тагтаа мэт газар суугаад жаал хүүгийн тарааж цацсан тамхинуудыг дуугүйхэн түүн авах аж.

Тэдний чимээ шуугианыг өглөөний ажилдаа яарсан хүмүүс төдий л хайхрахгүй байгаа бололтой тэрүүхэндээ саатасхийн ажих авч төдөлгүй тус тусынхаа замыг хөөн явцгаана. Хүү хэсэг зуур тийнхүү дэвхцэн уурсаж байгаад огцом эргэн зүүн зүг рүү гүйхэд авгай араас нь “Ми¬ний хүү, мөнгө авахгүй юм уу? Ээжийн хүү ээ” гэж царайчлан хашгирсаар хоцров. Харин жаалхүү түүнийг нь сонсоогүй юм уу эсвэл сонсохыг ч хүсээгүй байртай эргэж ч харалгүй чигээрээ хурдлан гүйсээр булан тойрлоо. Маргааш өглөө нь би урьдын адил хөлсний унаагаар ажилдаа ирээд дотогш орохоор алхаж явахдаа гэнэт тэр гудамжинд ямар нэг зүйл дутуу байгааг мэдрээд эргэн харав. Анзаарвал тамхи ширхэглэн зарж суудаг эмэгтэйн суудал хоосон байх агаад тэр анх удаа энэ өдөр ажилдаа ирсэнгүй. “Тэр хаачсан юм бол?” гэсэн сониуч бодол өдрийн турш толгойд эргэлдэж, өрөөнийхөө цонхоор суудаг газрыг нь харуулдсаар өдрийг өнгөрөөв. Yдшийн бүрий болсон ч тэр ажилдаа ирсэнгүй. Магадгүй тэр хүүдээ таалагдах гоо сайхныг эрж олохоор хаа нэг тийшээ явсан ч юм бил үү?
Ийм бодол толгойд орж ирэх мөчид би нөгөөх удтал эрж хайсан эхийн тухай сэдвээ хаа нэгтэйгээс тэмтэрсээр татан гаргаж ирэв. Ингээд үеийн нөхдийнхөө дэргэд царай муут ээжээрээ “Миний хүү” гэж дуудуулах дургүй тэр жаалд зориулсан зохиолоо бичихээр үзгээ шүүрэн авлаа. Эхийн тухай үлгэр яг эндээс эхэлнэ.


Цаг үеийн тухай асуудлыг энэ удаад түр хойш тавья. Тэр бүсгүй газар дээр санаж сарвайх цорын ганц хүүтэйгээ амьдран суудаг байсныг л онцлон санах хэрэгтэй. Тэр хүүд аав байсан эсэх тухай, тэр бүсгүйд садан төрөл байсан эсэх тухай ч энд үл өгүүлэх болно. Гагцхүү өглөөнөөс үдшийн бүрий болтол өнөөх бүсгүй хүүгийнхээ төлөө борви бохисхийлгүй ажиллаж, хүмүүсийн нүдэнд навсархай муу хувцастай, сэгсгэр үс, үрчлээт бор царайтай харагдах бөгөөд гоо үзэсгэлэн битгий хэл эмэгтэй хүний тухай яриа ч өрнүүлэхийг зөвшөөрч боломгүй үзэмжгүй нэгэн байсныг мэдэх юм. Бүсгүйн амьдралын хамаг утга учир, баяр баясгалан, үгээгүй ядуу амьдралынх нь гэрэл гэгээ нь мэдээж хүү байлаа. Бүсгүй өглөө эрт босож навсархай саарал хүрмээ углаад, гартаа нөхөөстэй тааран бээлий углаж аваад хаалга онгойлгож, эцэс төгсгөлгүй гуйланчлалын ертөнцөд хөл тавьдаг байв. Харин хүү саяхан түлсэн галын илчинд хацраа ягааруулан нойрсож, ээжийнхээ үнэр шингэсэн халуун хөнжилд тухлан нойрссоор үлдэнэ. Ийнхүү өдөр хоног эх хүү хоёрт өршөөлгүй хатуу хандсаар авч сар жилүүд юу ч болоогүй мэт урсан өнгөрсөөр байжээ. Хүү төдөлгүй өсөж том болоход бүсгүй санаж сарвайх ганц үрээ бусдын жишгээр эрдэм номтой, өмсөх хувцастай хүн болгохоор зориглож, жирийн хүүхдүүдийн нэгэн адил дутаж гуцах юмгүй бүрэн хувцаслаад анхны хичээлд нь хүргэж өгөв. Хүү ч бусдаас дутахгүйг хичээн ном эрдэмд шамдсаар хэдийнэ таван жилийг ардаа өнгөрүүлжээ.

Тэр хүүд ээж, аав байдаг гэдгийг хэн ч мэддэггүй төдийгүй тэгтлээ их сонирхдоггүй байсан тул хүү ээжийнхээ оёж өгсөн дэгжин хүрмийг өмсөөд өглөө бүр сургууль руугаа баяр хөөртэйгээр явдаг байлаа. Нэгэн өдөр хүү хичээлээ тараад үд дундын алдад үеийнхээ нөхөдтэй элдвийг хүүрнэн алхаж явтал зам дээр алхаж явсан ганган хувцастай эрхэмсэг эр алгаа тосон суусан нэгэн гуйлгачин эмэгтэйг учиргүй зандран загнаад хүмүүсийн өмнө шившиглэн доромжлохыг хүүхдүүд олж харжээ. Тэр эмэгтэйн сэгсгэр үс, өнгөгүй бор царай, үзээрийн муухай хувцас, хир даг болсон хар хуруунуудыг харсан хүүхдүүд шоолон инээлдэж, чулуугаар шидэн элдэн хөөж гарав. Харин жаалхүү л газарт хадагдсан мэт дороо зогсох бөгөөд олны нүдэнд доромжлогдон гутаагдсан тэрхүү гуйланч эмэгтэйн зүг жигшил зэвүүцэл дүүрэн нүдээр харан зогсож байлаа. Хүүхдүүд жаалхүүгээс өөрсдийн адил тэрхүү нийгмийн хог буртаг болсон эмэгтэйг хөөн зайлуулахыг хүсэв. Гэтэл бүсгүй хүүхдүүдийн зүг эргэн хараад хэсэг зогсож байснаа гэнэт шившиглэн доромжлогдсон бүхнээ умартаж, гуниггүйгээр инээмсэглээд “Өө, миний хүү…” гэж ер бишийн дотноор дуу алдаж орхижээ. Хүүхдүүд писхийтэл инээд алдацгааж, галзуу солиотой тэр эмэгтэйг улам ихээр дооглон хашгиралдав. Гэтэл гуйлгачин эмэгтэй хүүхдүүдийн зүг гунигтайхан харснаа цааш өөрийн замаа хөөн явлаа. Жаалхүү энэ мөчийг хүртэл ээжийнхээ ямар ажил хийдгийг огт мэддэггүй байж. Тиймээс шившигтэйгээр олны доог тохуу болсон тэр эмэгтэйг өөрийн ээж гэдэгт итгэж ядан гуниглаж, золгүй хувь заяандаа харуусан гашуудав. Тэр гэртээ харихыг ч хүссэнгүй. Ээж нь хүүгээ хүлээн өдрийн ажилдаа ч гарахаа байж хаалга чагнан гудамж харуулдан, сургуулийнх нь дэргэдүүр эргэлдэнэ. Ингээд нэгэн өдөр хүүтэйгээ тааралдахад жаалхүү чөтгөр шулам харсан мэт цочин зогтуссанаа ээж рүүгээ уурсан хашгирав.

-Та миний ээж биш. Миний ээж гуйлгачин байх ёсгүй. Миний ээж ийм хар муухай царайтай, олны шившиг байхыг би тэвчихгүй. Та өөрийгөө толинд харж үзсэн үү? Бурхан яагаад надад ийм муухай ээж заяаж байгаа юм бэ гэж халаглажээ. Ээж хүүгээ ширтэн хэсэг зогссоноо юу ч хэлэлгүйгээр олны дунд хутгалдан алга болов. Олон ч сар, олон ч хоног хүү ээжийгээ харсангүй. Тэр хичээлээ тараад гэртээ харих боловч ээж нь огт ирэхгүй байлаа. Эхэндээ хүү түүнийг үгүйлэн гунигласангүй. Төдөлгүй хүүгийн хоол хүнс барагдаж, гэр орон нь зэвхий даан тоосонд дарагдаж, өмссөн хувцас нь элэгдэн хуучрав. Хүү даарснаасаа болж хүндээр өвчлөн сургуульдаа явахаа больж, хөнжилдөө шурган хэвтсээр сүүлдээ ухаан нь балартан ээжийгээ эргээд ирж байна гэж хий хоосон зүйл харан дэмийрдэг болжээ. Түүнийг эргэж тойрох хүн ч байсангүй. Хорвоо дээр хоёулхнаа амьдардаг ээж, хүү хоёрыг хүмүүс огт үгүйлсэнгүй. Хүү бурхнаас өдөр бүр “Ээжийг минь ирүүлээч” гэж залбиран гуйдаг болов. Тэр дахин өндийн босох тэнхэлгүйгээр доройтон муудаж байгаагаа мэдэж байлаа. Бурхан харин таг дүлий мэт ганц ч хариу хэлсэнгүй. Хаврын нар цонхны хөшигний цаанаас ээсэн нэгэн дулаахан өдөр гэрийнх нь хаалга чахран онгойсноо жаалхүүгийн ээж гэрт орж ирэв. Хүү урьдахаасаа ч илүү үзэмжгүй муухай болон харагдах тэр эмэгтэйг өөрийнхөө ээжийг байгаасай гэж тун их хүссэн боловч нүдэндээ харагдаж байгаа тэр зургийг сүг сүнснүүдийн тохуурхал байх гэж боджээ. Тэр өөрийгөө дэмийрч хий юм харж байна гэж бодов. Гэхдээ л хүүд нүүр нь үрчлээгээр дүүрч, үс нь сэгсийн бууралтаж, хувцас нь тамтаг болтлоо урагдаж навсарсан тэр эмэгтэйг жинхэнээсээ өөрийнхөө ээж байгаасай гэж тун их хүсч байлаа. Хүү энэ сайхан зүүдээ үргээхгүйн тулд дахин гүн нойрондоо дарагдав.

… Хүү дулаахан сайхан нарны туяа нүд рүү нь гялбасан ногоон талд ээжийнхээ өвөр дээр эрхлэн хэвтэж байлаа. Ээжийнх нь дотно үнэр хаа сайгүй сэнгэнэх бөгөөд дулаахан гар нь алжааж ядарсан зовхийг нь илэн нээлээ. Энэ агшинд ногоон тал гэрэл муутай хавчиг муу байшингийнх нь дотор тал болон хувирав. Хүү нүдээ нээгээд ээжийнхээ хайр гэрэлтсэн нүдийг олж харав. Тэгээд омголтож хатсан уруулаа арайхийн хөдөлгөөд,
-Ээж ээ, та хаана байсан юм бэ? Би таныг хичнээн их хүлээсэн гээч гэлээ. Ээжийнх нь зовлонд гандсан нүүрнийх нь үрчлээс болгонд гэрэл цацрах шиг болсноо,
-Ээж нь гоо үзэсгэлэнг эрж олохоор явсан юм гэж хариулав. Хүү ээжийнхээ харж ханамгүй дотно дулаахан царай руу харж байснаа,
-Та тэртэй тэргүй хамгийн сайхан нь шүү дээ гэж амандаа бувтнахад ээжээс нь туяа цацарч байх шиг санагдана. Саяхан л харанхуй, хүйтэн ноёрхож байсан гэр нь бүхэлдээ гэрэл гэгээ татан уужим том болсон ч юм шиг …
Ийм нэгэн үлгэрийг бичиж дуусаад сая нэг уужим амьсгаа авав. Гэтэл нөгөөх сэтгэл дотор байраа зассан үзэгний маань хурц хошуу дахиад л хаа нэгтэйгээс дуу алдтал хатгууллаа. Би тэрхүү ханаж цадашгүй үл үзэгдэх шаналгаатай ам уралцан үзэлцмээр санагдав.
-Чи ханахгүй байна уу? Би бичлээ шүү дээ. Yүнээс илүү юу хүсээд байгаа юм бэ гэж уурсан үглэхэд тээр дотроос өнөөх зовлонтой өдөөн хатгалга дахиад л өвдтөл хатгуулав. Би бачимдан сандрахдаа үзгээ шүүрэн аваад ширээгээ цоортол хатгавал үзэг цааш өөрөө чихран хөдөлж ээжийн тухай ийм нэгэн домгийг цаасан дээр буулгаж эхэллээ.

…Төрүүлсэн үр нь ээжээсээ ичиж явдгийг дуулсан эхийн дотор харанхуйлж хэсэг зуур хүүгээ ширтэн тээнэгэлзсэнээ огцом эргэн алхав. Гэхдээ тэр хүүдээ огт гомдсонгүй. Нэгэнт л өрцнөөс нь унасан юм болохоор эх нь хүүгийнхээ үгийг зөв гэж бодож байлаа.
Ингээд ээж хүүдээ таалагдах гоо сайхныг эрж олохоор алсын аянд гарчээ. Цас хуйсганан нүүр лүү ороолгосоор байсан боловч ээж сиймхий муу хувцсандаа улам гүн шигдээд хунгар туучин алхаад л байлаа. Амьтай болгоныг сөхрүүлэн сөгдүүлж, халуун амьсгалыг царцаан жиндүүлдэг нүд гялбам цагаан цас ээжийн тийнхүү эр зоригтойгоор урагшилж байгаад гайхсан боловч сурсан зангаараа нүүр нүдгүй хайран жиндүүлсээр л байлаа.

.

Харин ээжийн хүүгээ гэсэн сэтгэл ер бусын халуун илч түгээж, суусан газрынх нь цасыг хайлуулан урсгана. Сүүлдээ ээжийн өмнө цас өөрөө сөхрөн суухад хүрэв. Тэгээд цас ээжээс,

-Та ингэхэд юуны төлөө ингэтлээ хөр цасыг хайлуулан зүтгээд байгаа юм бэ гэж гайхан асуув. Ээж,
-Би хүүдээ дулаахан сайхан харагдахыг хүсэж байна. Тиймээс гоо сайхныг эрж хайж явна гэж хариулав. Цас ээжийг дагуулан харж хөл доор нь үзэсгэлэнт ширхэгүүдээ дэвсэн зөөллөөд,

-Миний анзаарснаар та энэ хорвоогийн хамгийн илчтэй халуун эмэгтэй юм. Тийм дулаанд хүмүүс дуртай байдаг биз дээ. Таны хүү танаас дулаахан ээж хаанаас олж болохыг би хэлж мэдэхгүй байна. Та буцаад гэртээ харьсан нь дээр байх гэв. Харин ээж,
-Хүссэнээ олж аваагүй цагт би эргэж харихгүй гэж хэлээд цааш эрслэн алхав. Цас түүнд энэ хорвоогийн хамгийн гоо сайхан зүйл болох үзэсгэлэнт марал бугыг зааж өгөөд ээжийг аян замд нь үджээ. Ээж цааш сар, өдрийг алгасан явсаар марал буга дээр очив. Танхил ногоон нугадаа идээшлэн байсан марал буга ээжийг мөргөхөөр завдан мөнгөн эврээ гялтгануулан, цомбон туурайгаараа газрын хөрсийг малтан зогсоход ээж, эелдэг зөөлнөөр инээмсэглээд газраас шүүслэг сайхан өвс тасдан аваад түүн рүү аажимхан дөхөн очив. Харцнаас нь хайр гэрэлтэж, нүүрнээс нь туяа цацарсан тэр эмэгтэйн зөөлөн аалинд уярсан марал буга гараас нь шүүслэг өвсийг амтархан идээд ямар хэргээр хаа хүрэх гэж зорьж явааг нь асуулаа. Ээж хүүдээ сайхан харагдах гэж гоо сайхны эрэлд гарснаа хэлэхэд марал буга ихэд гайхаад,

-Хүмүүс бүгдээрээ л буу шагайж намайг хөнөөхийг хүсдэг. Харин та надад энэ нугаас хэзээ ч олж амтлаагүй хамгийн сайхан өвсийг олж өглөө. Таны харц хамгийн зөөлөн бас хамгийн их гэрэлтэй болохыг би анзаарлаа. Тэгэхээр энэ орчлонд танаас сайхан хүн гэж үгүй байх гэж эсэргүүцээд гэр лүүгээ буцахыг зөвлөв. Харин ээж санаснаа олж авахаас нааш буцахгүй гэдгээ хэлээд цааш үргэлжлүүлэн явахад марал буга сэтгэл догдлуулан солонгыг зааж өгөөд “Энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл бол солонго гэж би бодож байна. Магадгүй тэр танд туслах биз” гээд хаа байгааг нь зааж өгчээ. Ээж солонгыг хайсаар алжааж ядрахаа ч умартан цааш алхав. Хуурай салхи нүүр алгадан давчдуулах хэдий ч ээж явсаар өнгийн солонгын амьдардаг газарт хүрч очжээ. Борооны дараахан өнгө өнгийн цагиргаараа амьтай болгоныг гайхуулан баясаж байсан солонго гэнэт аяншиж ядарсан ээжийг олж харав. Ээжээс нүдэнд үл үзэгдэм ер бусын гэрэл цацарч байх шиг санагдахад солонго уулын цаанаас түүн рүү өнгийгөөд хаа хүрч явааг нь сонирхон асуулаа. Ээж,
-Та энэ хорвоогийн хамгийн сайхан өнгөнүүдийг өөртөө шингээсэн гоо үзэсгэлэнгийн бэлэг тэмдэг билээ. Би танаас тэрхүү гоо үзэсгэлэнгээсээ ямхыг ч болов өгөөч гэж хүсэхээр зорьж ирлээ. Хүү минь намайг илүү сайхан байлгахыг хүссэн юм гэв. Солонго ээжийн зүг туяаран харснаа,

-Ээж минь, та надаас нэг өнгөөр илүү харагдаж байна. Энэ орчлонд байдаг бүх өнгийг би мэдэх боловч танаас цацарч байгаа тэр сайхан өнгөнд чинь атаархаж байна.Тэр бол хайр гэдэг өнгө байна. Надад танд өгөөд байх зүйл алга даа. Та хүүдээ эргэж очсон нь дээр биз ээ гэж хариулав. Ээж санасандаа хүрэхээс нааш гэртээ буцахгүйгээ хэлээд цааш явахаар завдахад солонго ээжид энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл болох дэлгэрч байгаа цэцэг мэт үзэсгэлэнт охиныг зааж өгчээ. Ээж охины амьдарч байгаа газрыг эрэн явлаа. Явсаар солонго ч атаархан өнгөө бүдгэрүүлмээр танхил гоо биетэй туяарсан ягаан хацартай, салхи ч хүртэл хайрлаад ширүүхэн үлээж чадамгүй нэгэн гоо охин дээр хүрч очив. Ээж тэр охиныг хармагцаа хоёр нүднээсээ ганц ганцхан дусал нулимс тогхийтэл унагаад өөрийн алдсан бүхнээ олж харах шиг болжээ. Охин ядарч зүдэрсэн ээжийн нулимсыг зөөлхөн алгаараа арчиж өгөөд яагаад уйлсныг нь асуув. Ээж хүн бүхэнд хайрлагдам гоо үзэсгэлэнг эрж яваагаа хэлэхэд охин гунигтайгаар санаа алдаад,

-Миний гоо үзэсгэлэнд харсан бүхэн сөхрөн унадаг нь үнэн. Гэхдээ би төгс биш. Учир нь жинхэнэ гоо үзэсгэлэнг ээж болоод л мэдэрдэг гэнэм. Би хэдийгээр бурханы хамгийн сайхан бүтээл мөн ч гэлээ ээж болсон цагтаа юугаар ч солимгүй тийм гоо үзэсгэлэнгээр үр хүүхдэдээ хайрлагдахыг хүсч байна. Тэгэхээр би энэ орчлонгийн хамгийн сайхан нь биш. Харин та бол тэр төгс гоо үзэсгэлэн яах аргагүй мөн гэжээ. Ингээд охин ээжийг ятган сэнхрүүлсээр нэгэнт ганцаардан зовж байгаа хүү дээрээ очихыг зөвлөв.
Ээж цас, бороо, солонго, үзэсгэлэнт охиныг алмайруулам хүнд бодолдоо автсаар улам бөгтөр, улам жижигхэн, улам хөгшрөн муухай болоод хөлөө арай ядан зөөж алхсаар гэртээ хүрч иржээ. Гэртээ ирээд хүүгээ харж сэтгэл нь бага зэрэг тайвширсан эх тэр үед “Эвий хүү минь, эрх танхил үр минь. Чи л ганцаараа миний гоо үзэсгэлэнг голон гоморхдог. Тэгэхлээр энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл бол хүү минь, чи минь л байж таарна” гэж бодож байсан юм даа.


Зохиолч: Х.Болор-Эрдэнэ

Зураач: Shuudshuud

About these ads

February 11, 2010 - Posted by | Гар зураг, Гэрэл зураг, Зохиомж зураг

34 Comments »

  1. зоо хүлээж байя

    Comment by насанбаяр | February 11, 2010 | Reply

  2. uilaa, zunduu

    Comment by tsoomii | February 16, 2010 | Reply

  3. маш их баярлалаа, дүүдээ. зургууд чинь цаанаа л нэг амьтай, бодит мэт харагдаж бна. эдгээр зургууд дээрээ дахиад хэдийг нэмээд өгч амжих уу? жишээ нь ээжийн чулуугаар шидүүлэн хөөгдөж байгаа хэсэг, хүүгийн харанхуй байшинд өвчтэй гуниглаж бгаа хэсэг, ээж нь хүү дээрээ эргэн ирж байгаа хэсэг /энд ээжийн нүүрэн дээр нарны туяа тусан гэрэлтэж бгаагаар төсөөлөгдөөд бдаг юм/, ээж, хүү хоёр жаргалтайгаар амьдралаа эхэлж, гэр орон нь гэрэлтэн цэцэглэж бгаа гэх мэт хэсгүүдийг нэмээд оруулчихвал ч болоод л явчих нь тэр. Шуудшууддаа амжилт хүсээд анхааран харж хүлээж бдагаа дуулгая.

    Comment by bolor7erdene | February 17, 2010 | Reply

  4. goe zurjee

    Comment by chuups | February 17, 2010 | Reply

  5. Ямар мундаг үлгэр вэ. Дараагийн үлгэрийг хүлээж байя.

    Comment by Tavka | February 17, 2010 | Reply

  6. Эвий, муу ээжийгээ саначихлаа…

    Comment by Заяа | February 17, 2010 | Reply

  7. goy ulger boljee
    bi bur uilaad kkk
    ter zurag bas yamar goy bolvoo
    bid bugdeerei l eejiigee zovooj osson do
    bushuuhan ochij eejiigee tevrehsen

    Comment by badag | February 19, 2010 | Reply

  8. negiig bodogduulam ovormots buteel boljee
    MN nd ochood zaaval nom gargaarai gej heleh bna

    Comment by badag | February 19, 2010 | Reply

  9. Badag t: harin tiimee bi bas ene vlgeriig unshaad ooriin erehgvi setgel hodolj bilee.ene vlgeriig zohioson Bolorerdene zohiolchiin bichsen oor olon saihan ogvvllegvvd baidag yum.Tedgeeriin shildeg bvteeliin neg ni Ehiin tuhai vlger minii huvid zailashgvi oroh met sanagddag bi ch bas anh unshaad Badag shig ulij bilee…..

    Comment by gereltyortonts | February 19, 2010 | Reply

  10. сайхн хамтын ажиллага байна

    Comment by mep | February 20, 2010 | Reply

  11. “SAIHAN” gdg saihan ugiig heleh durtai bi… :)

    Comment by Arima | February 20, 2010 | Reply

  12. Comment by gereltyortonts | February 20, 2010 | Reply

  13. setgel hodolgom saihan ulger bnaa.chinii buteeluudiig bugdiig ni algasalgui unshij uzdegshuu. tsaashdiin ajild chine bolon hamt buteeltsdeg naiz nohdod chine amjilt husye

    Comment by otgoo | February 21, 2010 | Reply

  14. Хүмүүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас хөнгөн бийрийг хөших хэрэг юун…

    Comment by fatboy | February 21, 2010 | Reply

  15. (Эрхий хуруу дээшээ ;)

    Comment by Almas | February 24, 2010 | Reply

  16. яаасан гоё зурдым бээ..

    Comment by cacharel | March 9, 2010 | Reply

  17. Yaasan goy yum bee…. odoo ch gsn dotroo negiig bodsoor suugaal bna suugaal bna…

    Comment by ilmaren | April 28, 2010 | Reply

  18. Eejiigee magtan duulmaar baina.Daanch…

    Comment by Bumaa | June 30, 2010 | Reply

  19. Сэтгэл хөдлөм сайхан үлгэр байна. Өөрийн эрхтгүй зөндөө уйллаа. Ээжийгээ хайрлах сэтгэл өөрийн эрхгүй төрж байна.
    Амжилт хүсье

    Comment by Mikarito | July 12, 2010 | Reply

  20. үнэн гоё байна найзаа гоё зураг байна би чамд бараг дурлачихлаа

    Comment by tseka | December 6, 2010 | Reply

  21. hi all ymar goy oguulleg ve bi bu ruillaa ymar ch goy ym be dee

    Comment by oyundari | January 3, 2011 | Reply

  22. үнэхээр гайхалтай эхийн тухай үлгэр байна. би хэзээ мартахгүй санаж явах болноо. зургийн хувьд үнэхээр зохиолтойгоо уялдсан цаанаал нэг дулаахан мэдрэмжийг харуулжээ. өөрөө эх болсондоо хязгааргүй иэхээр баяртай байна. цаашдаа улам илүү сайхаэ зохиол бичээрэй. би амтархан унших болноо. та бүхэнд хязгааргүй их баярлалаа. энэ их хайрыг мэдрүүлжө өгсөнд.

    Comment by баяртуяа | January 27, 2011 | Reply

  23. jvbmgjbmnjgkgjbvmn
    uygt

    Comment by Anonymous | March 6, 2011 | Reply

  24. ene bolorerdene gedeg huntei holboo barih gesiin yaj holboo barih vee.

    Comment by otgoo | May 3, 2011 | Reply

  25. ih bayarlalaa. ulgeruud uneheer taalagdaj b. dahih dahih unshih durtai. ulam ih zuiliig hiihiig husei. amjilt

    Comment by SOKO | May 8, 2011 | Reply

  26. ih goy vlger ymaa bi odoo ch uilsaar bn bi ene vlgeriig hezeed ch martahgvi tanid bayrlalaa bi hvvdee ih hairtaigaa ulam iheer mederlee

    Comment by ariuka | May 17, 2011 | Reply

  27. goe ulger bn yah argagui setgegdel bichihgui blohgui yum shig sanagdaad baisan yum odoo l zzugeer bolj bn

    Comment by nyam | June 14, 2011 | Reply

  28. пд,д6,6,:д6:д,:,д66,:д,:д6:д6,

    Comment by тунгаа | July 4, 2011 | Reply

  29. uneheer saihan setgeld ih hurlee daraa daraagiin ulgeriig chini huleej bna shuu bayarlalaa

    Comment by jargalbat | July 14, 2011 | Reply

  30. gol deer yum goroigoodl aav eej mini nudend haragdah shigl bolloo bie bienee chadaahaaraa oort bgaa hamgiin ih hairaar hairlaarai

    Comment by Khulan | August 13, 2011 | Reply

  31. Бүсгүй хүнийх нь хувьд хүндэтгэн өрөвдье гэвч сэтгэл өчүүхэн ч уярахааргүйгээр амьдрал түүнийг нурааж сүйтгэсэн ажээ. ENE HESEG IH TAALAGDLAA

    Comment by Anonymous | November 13, 2011 | Reply

  32. goe zohiol bna ehiin setgel uree l geh ym

    Comment by Anonymous | April 20, 2012 | Reply

  33. maash ih taalagdlaa. angiihaa huuhduuded unshij ugnuu. ushuu goy zuragt ulger taviaraa.

    Comment by zoloo | March 6, 2013 | Reply

  34. Yamar goe bvteel be. .. bi bvvr uillaa hvvgee sanachihlaa. .namaig hol nutagt baihad hvvmeni yaj bgaa bol doo. ..bi tanai blog d anh udaa orj bna vnheer. Ih taalagdaj bna amjilt. .zuragnuud tasarhai. .goe bna daraagiin vlgeriig. Hvleej bna shvv

    Comment by soyol | March 14, 2013 | Reply


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: